Гал тогооны угаалтуурыг сонгоход анхаарах зүйлс

Гал тогооны өрөөнд хамгийн хэрэгтэй зүйлсийн нэг бол угаалтуур бөгөөд та өөрийнхөө хэрэгцээ шаардлагад нийцсэн загварыг сонгосноор хоол хийх, угааж цэвэрлэхэд тань илүү хялбар байх болно. Өөрт тохиромжтой загварыг сонгохын тулд дараах зөвлөмжийг уншаарай.

МАТЕРИАЛ:

Хамгийн түгээмэл угаалтуурын материал бол ган ба чулуу юм. Материал бүр өөрийн гэсэн давуу талтай байдаг тул дараах зөвлөгөө танд сонголт хийхэд тань тус болох болно.

Ган угаалтуур нь хөнгөн, толбонд тэсвэртэй, арчлахад хялбар боловч зурагдах, хонхойх шинжтэй байдаг. Ган угаалтуурын зузаан нь өөр өөр байдаг ба 0,7мм-1,5мм зузаантай байна. 0,7мм-0,9мм угаалтуур нь маш нимгэн учир хялбар хонхойж, зурагддаг, эдэлгээ богино байдаг тул аялал зугаалгын зориулалттай тээврийн хэрэгсэл, кофе шоп, жижиг сав суулга, аяга таваг угаах зэрэгт тохиромжтой байдаг. Харин өдөр тутмын хэрэглээнд зориулсан угаалтуур нь 1,0мм-1,5мм байх нь хамгийн тохиромжтой, эдэлгээ маш сайтай байна. 1,5мм зузаан тай угаалтуур нь маш бат бөх, удаан эдэлгээтэй, зурагдахгүй байхаас гадна илүү өндөр үнэтэй байдаг. Хэрэв та хоолны үлдэгдэл бутлагч суурилуулах гэж байгаа бол зузаан угаалтуур сонгох нь зүйтэй.

Чулуун угаалтуур нь маш олон өнгө, хэлбэрийн сонголттой байдаг. Халуун, хүйтэн болон зураас гарахаас хамгаалалттай, тэсвэртэй, засвар, үйлчилгээ хийхэд хялбар боловч удаан хугацааны эдэлгээний явцал толбо үүсэх шинжтэй байдаг. Сайн чанарын чулуун угаалтуурны хувьд боржин чулуу болон кварц чулуу агуулдаг тул өнгө үзэмжтэй, удаан эдэлгээтэй байна. Та гал тогооныхоо тоноглол, бариул, чулуун тавцаны өнгөндөө тохируулан сонголт хийх боломжтой байдаг тул илүү гоёмсог, өнгө үзэмжтэй харагдах болно.

СУУРИЛУУЛАЛТЫН ТӨРӨЛ:

Тавцан дээрээс суурилдаг угаалтуур нь хамгийн түгээмэл төрөл бөгөөд суурилуулахад хялбар байдаг. Харин тавцан доороос суурилсан угаалтуур нь зай хэмжээ бага эзэлхээс гадна цэвэрлэхэдэ хялбар байдаг. Гэвч тухайн угаалтууранд тааруулан чулуун тавцанг маш нямбай, сайтар хэмжиж зүсэх бэлэн болгох хэрэгтэй байдаг. Доороос наадаг угаалтуур нь орчин үеийн, минималист гал тогооны хувьд маш зөв сонголт байх болно. Ган угаалтуур болон чулуун угаалтуурууд нь дээрээс, доороос суурилуулах боломжтой байдаг.

ТАСАЛГАА БА ХЭМЖЭЭ:

Угаалтуурыг тасалгаа болон хэмжээ нь гал тогооны чулуун тавцан болон сангийн холболтын хэсгийн зайнаас хамаарна. Та угаалтуурыг хэрхэн яаж ашиглах нь гол хүчин зүйл болдог: том хэмжээтэй сав, суулга зэргийг угаахад илүү гүн угаалтуур хэрэгтэй бол өдөр тутам хэрэглэгддэг сав суулга, аяга таваг угаах, хоол бэлтгэх зэрэгт илүү өргөн хэмжээтэй угаалтуур тохиромжтой.

2 тасалгаатай угаалтуур нь тэнцүү хуваагдсан эсвэл жижиг том хуваагдсан зэрэг олон янз байна. Том хэмжээтэй гал тогоо, өнөр өтгөн ам бүлд энэхүү угаалтуур нь илүү тохиромжтой. 1 тасалгаатай угаалтуур нь хэмжээ, хэлбэрийн хувьд маш өргөн сонголттой байдаг. Жижиг хэмжээтэй угаалтуур нь бага зайтай гал тогоо, хоол бага хийдэг бол илүү тохиромжтой. Том хэмжээтэй угаалтуур нь том сав суулга болон бусад гал тогооны хэрэгсэлүүдийг угаахад тохиромжтой байна.